Monday, January 26, 2015

Мэндчилгээ


Манай цэцэрлэгийн вэб хуудсаар зочилж байгаа эрхэм танд болон он цагийн хэлхээсэнд тус цэцэрлэгийн түүхийг бүтээлцэж яваа хүүхэд багачууд, үе үеийн
төгсөгчид, багш, ажилтан, эцэг эх, ахмадууд та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

21-р зуун-Мэдээллийн эрин зуунд Монгол хүний оюун ухаан, мэдлэг чадварыг дэлхий нийт мэдэрч, үнэлж буй энэ цаг үед Эрдэм боловсролтой оюунлаг Монгол хүүхдийг хүмүүншүүлэн төлөвшүүлэх хариуцлагатай үйлсэд сэтгэл зүтгэл нэгдэн хамтран ажилладаг, дэмжин тусладаг гэр бүл, эцэг эх, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, боловсролын салбарын ажилтан та бүхэндээ хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд хүний хүмүүжил, хөгжлийг тэтгэгч анхдагч орчин болсон гэр бүлийн орчин, анхны сурган хүмүүжүүлэгч болсон эцэг эхчүүдийн үүрэг, хариуцлага асар их. Хүүхдийн хөгжил төлөвшилд  эцэг эхийн оролцоо хэдий чинээ их байх тусам бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн үзүүлэлт төдий чинээ өндөр байдаг.

Нэг талаас сургалтын байгууллага тэнд ажиллагсад, нөгөө талаас эцэг эхчүүд үр хүүхдээ зөв зөөлөн сэтгэлтэй, ажил хөдөлмөрч, амьдрах ухаантай, эрдэм мэдлэгтэй зөв хүн болгон өсгөх чин хүсэл зорилготой.

Таны хүүхэд, бидний шавь өдөр тутамдаа гэр бүлийн амьдрал, цэцэрлэгийн орчин, бидний зан, үйл, харилцаанаас сайн, муу, зөв, буруу, болно, болохгүйг тусган ойлгож, даган дууриаж байдаг учраас бидний зөв үлгэрлэл, урам дэм, хүүхдийн хөгжилд чиглэсэн үр дүнтэй санал санаачилга, хамтын ажиллагаа юунаас ч илүү чухал юм.

Иймээс бид энэхүү вэб хуудсаараа дамжуулан үйл ажиллагаагаа нээлттэй сурталчилахаас гадна Сургуулийн өмнөх боловсрол олгох мэргэжлийн байгууллагын хувьд эцэг эхэд сурган хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвар эзэмших, хүүхдээ хөгжүүлэхэд нь туслах гарын авлага, зөвлөмж мэдээллийг хүргэж байх болно.  

Эрхэм зочин таныг бидэнтэй хамтран ажиллаж, зөвлөн туслагч  байхыг хүсэхийн ялдамд, та бүхний үнэтэй санал, зөвлөгөөг хүндэтгэлтэйгээр хүлээж авч, бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 151  ДҮГЭЭР
ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ Х.БАЯРАА


No comments:

Post a Comment